Monday, September 22, 2008

Холбооны дүрэм - 8

Найм. Холбооны санхүүжилт

8.1 Холбооны санхүүжилт дараах эх үүсвэрээс бүрдэнэ

- Салбар холбоод болон сайн дурынхны хандив

- Төрийн ба төрийн бус байгууллагын үйл ажиллагааны оролцооны хэлбэрээр өргөх хандив

- Иргэд аж ахуйн нэгж байгууллагуудын хандив

- Зээлийн, өвийн болон төсөл, тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

- Төсөл хэрэгжүүлэх зорилгоор гадаад, дотоодын байгууллагаас олгосон мөнгөн хөрөнгө, тусламж


- Монгол Улсын хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр

- Дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаанаас олсон орлого

8.2 Холбоо нь орлогоо зөвхөн дүрэмд заасан үйл ажиллагаанд
зарцуулна

8.3 Холбооны орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж
байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг төлөхийг
хориглоно

8.4 Холбооноос Улсын Их Хурал, Eрөнхийлөгчийн болон иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд
хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

8.5 Холбоо нь дэргэдээ үйл ажиллагааны нэгжтэй байж болно.

Sunday, September 21, 2008

Холбооны дүрэм - 7

Долоо. Ажлын алба, гүйцэтгэх захиралыг томилох

7.1 Гүйцэтгэх захирал нь дор дурдсан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

- Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын албыг удирдах

- Удирдах зөвлөлийг мэдээллээр хангах;

- Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Холбооны ерөнхийлөгчтэй зөвшилцөж товлох; хэлэлцэх асуудал, шийдвэрийн төслийг боловсруулах;

- Холбооны хэвлэл мэдээлэл, гадаад харилцааг хариуцах

- Дээд танхимийн уулзалтыг зохион байгуулах

- Хандивын болон төсөл хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, хандивлагч байгууллага, иргэдэд тайлагнаж байх;

- Холбооны үйл ажиллагааны тайланг Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23.2-т зааснаар, жилийн тайлан тэнцлийг мөн хуулийн 23.1-д заасны дагуу бүрдүүлэн Удирдах зөвлөлийн даргаар батлуулж дараа оны 2-р сарын 15-ны дотор Хууль Зүйн Яам болон Татварын албанд тус тус өгөх;

- Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт орсон бол энэ тухай 30 хоногийн дотор Хууль Зүйн Яаманд мэдэгдэх.

7.2 Гүйцэтгэх захирал нь энэ дүрэмд зааснаас бусад эрх эдлэх, хүлээх үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг Холбооны ерөнхийлөгчтэй хийсэн гэрээгээр зохицуулна.

7.3 Холбоо нь үйл ажиллагаагаа явуулах зорилгоор ажлын албадтай байна.

- Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба

- Хүний нөөцийн алба

Мэдээлэл, сурталчилгаа, олон нийтдэй харьцах алба

Холбооны дүрэм - 6

Зургаа. Холбооны ерөнхийлөгчийг сонгох, түүний эрх, үүрэг

6.1 Удирдах зөвлөлийн хурлаас Холбооны ерөнхийлөгчийг холбооны гишүүдийн дундаас 3 жилийн хугацаагаар сонгож, Дээд танхимаар баталгаажуулна.

6.2 Холбооны тэргүүний эзгүйд түүний үүргийг холбооны ахлах дэд ерөнхийлөгч гүйцэтгэнэ.

6.3 Холбооны тэргүүн нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

- Гүйцэтгэх эрх мэдлийнхээ хүрээнд Холбоог төлөөлөх;

- Салбар холбооны тэргүүнийг батамжлах

- Гүйцэтгэх захирал болон ажлын албадыг томилох

- Гүйцэтгэх захиралтай үйл ажиллагааны гэрээ байгуулах, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх

- Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал гаргах

Холбооны өмч хөрөнгийг Удирдах зөвлөлийн даргатай байгуулсан гэрээнд заасны дагуу захиран зарцуулах ба санхүүгийн баримт бичигт 1-р гарын үсэг зурна.

Холбооны дүрэм - 5

Тав. Удирдах Зөвлөлийн хурал

5.1 Удирдах Зөвлөлийн Дээд танхимын хурлыг жилд хоёроос доошгүй удаа хийнэ.

5.2 Доод танхимын хурлыг 5-аас доошгүй гишүүн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Гишүүд хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд биеэр оролцох боломжгүй тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлаар саналаа хурал эхлэхээс өмнө бичгээр өгнө.

Асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Хэрэв санал хуваагдвал Холбооны ерөнхийлөгчийн саналаар шийдвэрлэнэ.

Холбооны дүрэм - 4

Дөрөв. Холбооны бүтэц, зохион байгуулалт

4.1 Холбооны эрх барих дээд байгууллага нь Удирдах зөвлөл байх ба тэр нь холбоог төлөөлнө.

4.2 Холбооны удирдах зөвлөл нь дээд, доод танхимтай байна.

4.3 Дээд танхим нь Хүндэт танхим байх ба Холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шинжлэх ухаан, боловсрол, бизнесийн салбарын нэр хүнд бүхий хүмүүс, мөн доод танхимийн гишүүн байсан хүмүүсээс бүрднэ.

4.4 Дээд танхим нь зохицуулагчтай байх ба түүнийг дээд танхимийн гишүүдийн хурлаас 3 жилийн хугацаатай сонгон ажиллуулна.

4.5 Доод танхим нь 7 гишүүнтэй байх ба зургаан салбар холбооны
тэргүүд, Холбооны ерөнхийлөгчөөс бүрднэ

4.6 Холбооны ерөнхийлөгч нь Доод танхимын дарга байна.

4.7 Холбооны ерөнхийлөгчийг Доод танхимаас сонгох ба Дээд танхим батална.

4.8 Холбоо нь бүтцэндээ Анагаах, Байгаль, Биологи, хөдөө аж ахуй, Геологи-газар зүй, Нийгэм, хүмүүнлэг, Техник, технологийн ухааны чиглэлээр салбар холбоодтой байна

4.9 Холбоонд дараах салбар холбоод гишүүн байна:

- Анагаахын залуу судлаачдын монголын холбоо

- Байгалийн ухааны салбарын залуу эрдэмтдийн холбоо

- Хөдөө аж ахуй, биотехнологийн залуу судлаачдын холбоо

- Газар зүй, геологийн залуу эрдэмтэн, судлаачдын холбоо


- Нийгмийн шинжлэх ухааны залуу эрдэмтдийн холбоо

- Технологи, инновацийн залуу судлаачдын холбоо

4.10 Салбар холбоодыг тухайн салбарын залуу эрдэмтдийн холбооны хурлаар байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

4.11 Салбар холбоодын дүрэм, үйл ажиллагааны зорилго, хэлбэр нь Холбооны дүрэмд нийцсэн байна.

4.12 Салбар холбоодын хурлаас тухайн салбарын ерөнхийлөгчийг
сонгож Холбооны удирдах зөвлөлд нэр дэвшүүлнэ.

Thursday, September 18, 2008

Холбооны дүрэм - 3

Гурав. Холбооны гишүүний тухай

3.1 Холбооны гишүүнээр өмчийн бүх хэлбэрийн эрдэм шинжилгээний болон үйлдвэр, аж ахуйн байгууллага, их дээд сургууль, коллежид ажиллаж буй эрдэм шинжилгээний ажилтан, судлаач, багш, оюутан элсэж болно.

3.2 Холбоонд гишүүнээр элсэхийг хүссэн хүн дараахь материалыг бүрдүүлэн гишүүний анкетийг бөглөж тухайн салбар холбоонд бүртгүүлснээр холбооны гишүүн болно.

- өргөдөл;

- 4х3 см хэмжээтэй нэг хувь зураг;

- гишүүний жилийн хураамж болох 5000 төгрөг.

3.3 Гишүүн нь холбооны үйл ажиллагаанд идэвхитэй оролцож,
Холбооны зорилгыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулна.

3.4 Гишүүн нь Холбооны зүгээс явуулах үйл ажиллагаанд оролцох, дэмжлэг туслалцаа авах эрхтэй.

3.5 Гишүүн нь Холбооны удирдлагад өөрийн санал хүсэлтийг гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Холбооны дүрэм - 2

Хоёр. Холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1 Холбооны үндсэн зорилго нь дотоод гадаадад эрдэм шинжилгээний ажил эрхэлж буй Монгол Улсын иргэн залуу судлаач, эрдэмтдэд бүх талын дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах, гадаад орнуудын залуу эрдэмтэдтэй хамтран ажиллах, гадаадад болон дотооддоо мэдлэгээ дээшлүүлэн сурч ажиллахад нь туслалцаа үзүүлэхэд оршино.

2.2 Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна

- Судлаач, эрдэмтэн залуучуудын судалгааны ажлыг дэмжин туршлага солилцуулах, үндэсний болон олон улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт, сургалт-семинар зохион байгуулах

- Холбооны гишүүдийг мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэн дотоод, гадаад оронд сурч ажиллахад дэмжлэг үзүүлэх

Үйл ажиллагааныхаа чиглэлээр төрийн ба төрийн бус байгууллагууд, хувь хүмүүстэй үндэсний болон олон улсын хэмжээнд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, тэднээс санхүүгийн болон мэдээлэл, мэргэжлийн туслалцаа, дэмжлэг, хандив, тусламж авах