Thursday, September 18, 2008

Монголын Залуу Эрдэмтдийн Холбоо

МЗЭХ нь шинжлэх ухаан, боловсролын салбарын залуучуудын үзэл бодол, үйл ажиллагааг нэгтгэн, холбох зорилготойгоор 2004 онд байгуулагдсан бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд Монголд болон гадаадад эрдэм, шинжилгээний ажил эрхэлж, сурч боловсорч буй залуу судлаач, эрдэмтэн, оюутнуудад туслах, мэдлэгээ өргөжүүлэн, эрдэм шинжилгээний болон бусад байгууллагуудтай хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх чиглэлд анхаарал тавин ажилладаг.

МЗЭХ нь Дэлхийн Залуу Эрдэмтдийн Академийн гишүүнээр элссэн төдийгүaй өнөөдрийн байдлаар гэхэд эгнээндээ ШУ, боловсролын салбарт ажиллаж, сурч буй 1000 илүү гишүүнтэй болоод байгаа бөгөөд бүтээлч сэтгэлгээтэй, оюунлаг бүхий л залууст холбооны үүд хаалга байнга нээлттэй байдаг билээ.

Манай холбоо нь ШУ-ны дараахи үндсэн чиглэлүүдийг хамаарсан салбар холбоодтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

1. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбар

2. Байгалийн ухааны салбар

3. Хөдөө аж ахуй, биотехнологийн салбар

4. Геологи, газар зүйн ухааны салбар

5. Нийгмийн ухааны салбар

6. Техник, технологийн ухааны салбар

Гадаад орнуудад (Солонгос, Хятад, Герман, Япон г.м) суралцаж буй залуусын санаачлагаар салбар холбоодоо байгуулан, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.

Холбооныхоо гишүүдийн бүтээлийг олны хүртээл болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, ШУ ба үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх зорилгоор БСШУЯ, ШУА, ШУТС-тай хамтран “Хүрэлтогоотын семинар”-ийг тус бүр 6 чиглэлээр жил бүр уламжлал болгон явуулж, шалгарсан бүтээлүүдийн товхимолыг гарган, шилдэг 12 бүтээлүүдэд БСШУ-ны сайдын нэрэмжит грантыг олгож ирлээ. Мөн түүнчлэн өөрийн холбооны гишүүд болон холбооны үйл ажиллагааг дэмжигч байгууллагуудтай хамтран уулзалт, хурал, семинар, урлаг спортын олон арга хэмжээ байнга зохион явуулж байдаг.

No comments: